Биологийн нөөц

Нийтлэгдсэн огноо: 2015-09-18

АН АМЬТАН
Сэлэнгэ аймгийн Ой хөвчид нь молцог хандгай, халиун буга, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, баданги хүдэр, нохой зээх, ойн булга, ойн солонго, шилүүс мий, саарал чоно, шар үнэг, хярс үнэг, мануул мий, халздай дорго, хадны суусар, өмхий хүрнэ, монгол тарвага, бор туулай зэрэг олон зүйл ан амьтад, шувуудаас: нөмрөг тас, цармын бүргэд, явлаг сар, нургийн сойр, хар хур, шивэр хөтүү, дагуурын ятуу, тоншуул, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, хондон ангир, уран шувуу, зэрлэг нугас зэрэг жигүүртэн шувуудтай бөгөөд Дэлхийн болон Монгол орны “Улаан ном”-д бичигдсэн дархан цаазат, Сибирийн ой тайгын амьтдын зүйлээр баялаг юм. Монгол орны хөхтний – газар зүйн мужлалтаар Тайгын мужийн Дорнод Сибирийн дэд мужийн Хөвсгөлийн ба Хэнтийн тойрогт, Монгол-Төвдийн мужийн, Монголын хээр ба ойт хээрийн дэд мужийн Монгол-Дагуурын тойрогт хамаарна.
Сэлэнгэ аймгийн агнуурын амьтдын судлагдсан байдал Монголд XIII зууны үед ирж байсан хүмүүсийн тэмдэглэлд ойн тууртан амьтдын тухай дурьдсан байдаг. Оросын газар зүйн нийгэмлэгээс XIX зууны II хагаст Төв Азид явуулсан том экспедицүүд Хэнтий, Хангайн ойн зэрлэг туруутны тархцын талаар нэлээд тодорхой мэдээ сэлт цугларч эхэлжээ.
Хэнтийн Ерөө, Сөгнөгөр голын сав, Ноён уулаас буга, бор гөрөөс, хүдэр, зэрлэг гахай, Хангайд Орхон, Онги голын эхнээс бор гөрөөсийг Козловын экспедицийнхэн 1923-1926 онд агнаж байснаас гадна Ноён ууланд бор гөрөөс элбэг, буга ховор бас зэрлэг гахай, хүдэртэйг Кондратьев хожим дурджээ. Жуулчин, шинжээч, эрдэмтэн зэрэг янз бүрийн хүмүүсийн цуглуулсан 1930-аад он хүртэлх мэдээлэл нь гол төлөв тархац, зүйлийн бүрэлдэхүүн, ангилал зүйн холбоотой анхны суурь мэдэгдэхүүн байна. Монголын хөхтөн амьтан судлалаар нэрд гарсан А.Банников 1942-1947 онуудад хэд хэдэн экспедиц зохиож ойн туруутны тархац, биологи, экологийн шинэ мэдээ цуглуулж дээрх судлаачдын хэсэг тасархай байсан мэдээ мэдээлэлийг өөрийн цуглуулсан материал, тухайн үеийн хөхтөн судлалын баримтаар баяжуулан дүгнэж ойн туруутны тархац, ангиллын шинж, экологийн талаар анхны эмхэтгэл бүтээл нийтлүүлсэн байдаг. Монголд Намнандорж, Дамдин, Шагдарсүрэн, Даваа нарын судалгаанд ойн туруутны тархац, агнуурын холбогдолтой болон хамгаалахтай холбоотой нэлээд мэдээ байдаг . Монгол орны ойн туруутан амьтдын судалгааг 1964 оноос голчлон С.Дуламцэрэн, А.Болд нар хийж байсан. С.Дуламцэрэн 1965-1975 онуудад Хангай, Хэнтийн уулархаг нутгийн ойн туруутан халиун буга, баданга хүдэр, бор гөрөөс, бараан хандгай, зэрлэг гахайн тархац, байршил, биологи, экологи, агнуурын холбогдлын талаар дэлгэрэнгүй судалгааг хийжээ. Мөн баданга хүдэрийн судалгааг 1996 оноос Ц.Цэнджав хийн судалгааны үр дүнг нэгтгэсэн нэг сэдэвт бүтээл туурвижээ. Үүнээс хойш Хангай, Хэнтийн уулархаг нутгийн хэмжээнд ойн туруутны талаар хийгдсэн эрдэм шинжилгээний ажил хомс боловч орон нутгийн засаг захиргаа, улсын ТХГН-ийн хамгаалалтын захиргаа, төсөл хөтөлбөрийн шугамаар тус бүс нутгийн тодорхой хэсгүүдэд ШУА-ийн биологийн хүрээлэн, төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж байжээ. Ойн туруутан амьтдын тархац, нөөцийг үнэлсэн томоохон судалгааны нэг нь БОАЖЯ-ны захиалга санхүүжилтээр Биологийн Хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори, байгаль орчны чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд оролцон 2004 онд гүйцэтгэсэн халиун бугын тархац, нөөцийн үнэлгээний ажил юм. Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GTZ) санхүүжилтээр байгаль орчны мэргэжлийн байгууллага МОНРИЕЛ ХХК-ийн ажилтнууд Хан Хэнтийн ДЦГ-ын орчны бүс нутагт 2000-2003 онд агнуур зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж, тус бүс нутагт тархсан молцог хандгай, халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, баданга хүдрийн тархац, байршил нөөцийн үнэлгээг хийсэн байна. Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээний дагуу Биологийн Хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон 2008 онд Хан Хэнтийн ДЦГ-ын баруун хэсэгт тархсан хөхтөн амьтад, түүн дотроо ойн туруутан амьтдын тархац , байршил, тоо толгойн талаар чамгүй мэдээлэл цуглуулан нэгтгэсэн байна. БОАЖЯ, ГТХАН, Дэлхийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр 2010 онд Биологийн Хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори, бусад эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд оролцон ойн туруутан амьтдын тархац, нөөцийн үнэлгээний томоохон ажлыг гүйцэтгэсэн байна. Монголын шим мандал экологийн нийгэмлэг 2011 онд Сэлэнгэ аймгийн хүрэн баавгайн тархац, тоо толгойн судалгааг хийж гүйцэтгэж байжээ. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар 2014 онд аймгийн хэмжээнд ерөнхий агнуур зохион байгуулалт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг байгаль орчны мэргэжлийн байгууллага “Монголын анчдын нийгэмлэг ТББ”-иар хийж гүйцэтгүүлснээр ан амьтны зүйлийн бүрдэл, нөөц, нягтшил, нөхөн үржлийн чадавхи, нас , хүйс, сүргийн бүтэц, байршил тархац нутаг, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлж агнуурын бүс нутгуудийг тогтоосон. Аймгийн хэмжээнд хийгдсэн агнуур зохион байгуулалтын хээрийн судалгааны ажилд үндэслэн 53 агнуурын бүс нутаг тогтоосон ба давхардсан тоогоор зэрлэг гахайн агнуурын- 19, бор гөрөөс агнуурын- 24, ойн болон усны шувууны агнуурын- 6, ахуйн зориулалтаар загас барих- 26 бүсийг тус тус тогтоосон байна. Ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулснаар ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглах, агнуурын бүс нутгийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, мониторинг судалгааны цэг, замналыг тогтоож, нөхөрлөлийн гишүүдэд судалгааны ажлын анхан шатны сургалт зохион байгуулах, биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, агнуурын бүс нутгуудад нарийвчилсан агнуур зохион байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх жил бүр ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тодорхой болгосон.
1
Сэтгэгдэл бичигдсэн байна
  1. сум сумых нь амьтны аймгийн зүйлийн бүрдлийн тархалт байна уу?

Сэтгэгдэл бичих